Wednesday, November 23

Нэг сумаар 2 туулай буудсан нь

Өнгөрсөн 4-р сард нэг ажлаар хоёр орныг үзээд ирлээ. Боломж гаргавал Сингапур хот улс ороод үзэх юмсан гэж боддог л байлаа. Америкт сурч байхад Шри-Ланкаас ирсэн гадаад оюутнуудтай нийлдэг байж билээ, гэхдээ ингээд очно гэж бодож ч байсангүй. Японы Осака хотоос Шри Ланкын Коломбо хотруу нисэхдээ Сингапур дээр 18 цаг онгоцоо сэлгэж таарсан. Ийм завшаан гарсан дээр нь Сингапураар өдөржин ядартлаа явав, танилцав. Шри-Ланкад бол хоёр долоо хоносон. Хоёул далайд гарцтай, трофикийн халуун уур амьсгалтай гэдгээрээ адил боловч хоорондоо харьцуулахын аргагүй ялгаатай, өөр өөрийн онцлог бүхий газрууд байна. Үзсэн харснаа товчхоноор хуваалцьяа гэж бодлоо.

Сингапур
Сингапурын талаарх анхны сэтгэгдэл минь онгоцон дотор уншсан өдөр тутмын The Straits Times http://www.straitstimes.com/ сониноос төрсөн гэх үү дээ. Эхний нүүрнээсээ сүүлийн хуудас хүртлээ санхүүгийн амбиц, технологийн мэдлэг ханхлуулсан энгийн хэрнээ чадварлаг өгүүлэлүүдээр дүүрэн бичиж. Мал эмнэлгийн оншилгооны төөрөмжийн програм бичдэг компань, Клоуд программистууд, Индонезийн байгалийн хий олборлогч гээд л олон өгүүлэлүүд гарчиглаад нисэж байхдаа Сингапорчууд мэдлэг, мөнгө 2-г гарамгай хослуулсан хүмүүс мэт санагдаж билээ. Цааснаас уншсан тэрхүү төсөөллөө, онгоц газардсан мөчөөс амьдаар нь мэдэрч эхэлсэн. Changi Airport онгоцны буудал гэж Сингапурын нэр төрийн баталгаа гэлтэй цэмцгэр, уудам тайлбайтай, хурдан шуурхай хэрнээ найрсаг дотноор хүлээн авах үйлчилгээтэй угтаж байна.
Хоттой танилцахаар метро хөлөглөн бидний хэдэн нөхөд зүглэв. Метро нь Англи, Малай, Хятад бичгээр бичээстэй. Тэд нар Англиар ихэвчлэн ярина, гэхдээ өвөрмөц аялагаас нь болоод заримдаа ахин лавлах шаардлага үе үе гарч байлаа.
Энэ хотын уугуул иргэд гэж Малайз, Энэтхэг, Хятад, Филиппин түүнчлэн тэдний холимог арьстнууд алхалдана. Тэдний ажиллаж амьдрах орчин нь тэнгэр баганадсан олон давхар хийгээд архитектур, дизайны нарийн бүтэцтэй байшингууд цэцэг ногоо халиурах гудамж цэцэрлэгүүдтэйгээ сүлжилдэн оршдог юм байна.
Хотын төв маягтай газраар баахан гишгэж байгаад Сентоза гээд бичил аралруу очиж үзэв. Такси бариад очсон, манай сити-такси шиг шар машинууд байна. Тэрхүү таксины жолооч нэг гарын хуучилснаар бол Сингапур нь ундны усаа ихэвчлэн Малайзаас авдаг, хааяа Индонезоос ч зөөчдөг гэнэ. Түүнчлэн хог, хаягдлаа тэдгээр хөршдөө шахчихдаг юм байх. Ингээд элдвийг хуучилж явтал удалгүй Сентоза аралдаа ирлээ.
Сентоза - Олон сонин тоглоом, хөгжөөнт хөтөлбөрүүд бүхий цэнгэлдэх зүйлсээр дүүрэн бичил арал байна. Далайн эргээр нь хүмүүс нарлаж, тоглоом үзвэрүүд нь жуулчдын хөлд завгүй дарагдаастай харагдсан. Жуулчид нь Энэтхэг, Хятад голдуу бас “шар үстнүүд” харагдсан. Бидний хэдэн нөхөд далайн амьтны цуглуулга бүхий акуариумаар орж усны ертөнцтэй танилцав. Тэгээд, агаар дээгүүр дүүжигнэх алсын дүүжлэнд суугаад эргэн тойрныг маш өндөрөөс дүүрэн харлаа.
Арлаа тойруулууд асар олон тооны хөлөг онгоц байх юм. Тэдгээр хөлөг онгоцууд худалдаа наймааны бололтой нааш, цааш завгүй холхино. Тээр алс хэсэгт колонк маягтай том юнксууд өрөөстэй ачааны бирваазууд хөвөлзөнө, цэргийн онгоцууд бас харуулын манаанд хөвөөстэй зэрэгцэж харагдана лээ.
Иймэрхүү гайхшрал, хөгжлийг биширсэн харцаар энэ хотын найман зүг, дөрвөн зовхист ширтсээр өдөр гялалзаад өнгөрөв. Японы нэг хот шиг хөгжилтэй л орон байна.

Коломбо, Шри Ланка
Зорьсон газраа ирлээ. Эрдэнэсийн зүүлт шиг хэлбэртэй энэ арлыг Шри-Ланка гэдэг. Газрын бөмбөрцөг дээр Энэтхэгийн хойгоос зүүлттэй сүнжин ээмэг шиг тэнд харагдана. Хамгийн том хотыг нь Коломбо гэдэг. Коломбо хотын ердийн дүрслэл - өндөржсөн цэргийн хуаран гэлтэй хамгаалалт бүхий том том цайны үйлдвэрүүд, Будда Христ хоёрын хөшөө барьмалууд зэрэгцээд, хайш яаш бариастай барилгууд, зарын том самбарууд, зам дагуу ширхэгийн бараа зарагчид, хааяа нэг вааранд тарьсан мод, ургамлууд ... Замын түгжээнд саатаад явах зуур ийм л зураглалууд үргэлжилнэ, харин машинаар түгжрээстэй өргөн зам, гудамжуудад Түк-түкүүд чадамгай сүлжилдэнэ. Бүхээгтэй шаахай хэлбэрийн гурван дугуйтуудыг “Түк Түк” гэдэг бөгөөд голдуу Хятад, Энэтхэгээс авчирдаг гэнэ. Өдөржин ингэж завгүй өрнөх буугисан дуу чимээ нь бүрий тасрах даруйд алгуур намжина. Тэр даруйд цэрэгжсэн цагдаа нар хэсэг хэсгээр хотын гол замаар зогсоолд гардаг юм байна. Арав гаран минут машинаар явах зайнд машин зогсоож байнга шалгана. Эхний нэг хоёр зогсооход барьсан буу, өмссөн дүрэмт хувцас сонирхол татаж байснаа ингэж олон зогсоох нь нэг бодлын цаг барсан нөгөө бодлын айдас сэрдхийлгэх ажээ. Хэдэн жилийн өмнөх иргэний дайны цус урсгасан эмгэнэлт явдлаас хойш сэрэмжлүүлэх шалгалтыг ингэж тогтмол манаанд гаргадаг болсон юм байна.
Коломбочуудын хамгийн дуртай газар бол Гэйлле Фэйс “Galle Face” гээд далайн эрэг. Британичууд цэргийн сургуулилтаа хийх зориулалтаар далайн эрэгт онцгойлон зассан зүлгэн тайлбай байна. Одоо бол хамаг том зочид буудлууд эргэн тойронд нь байрлаастай. Тэрхүү тайлбай дээр зөөврийн жижиг гуанз мухлагууд, үлээдэг шар голдуу зарах жижиг ТҮЦ-үүд, тэрүүгээр гүйлдэн наадах хүүхэд багачууд, тэдний эцэг эхүүд, нарны шүхрийнхээ цаана үнсэлцэх хосууд гээд Гэллэй эргийн талбайд амьдрал эд буцалж байдаг юм байна. Энэ бүхнийг намуухнаар аясуулах Энэтхэгийн далай эргээ бүүвэйлэн дүнсийх ажээ. Эргээр нь бужгнасан түүхийг тайвнаар сонсоод хөврөх давалгаагаараа тэр бүхнээ эргэн хүүрнэх шиг. Ямар олон түүх, хугацааг энэ эрэг өнгөрүүлсэн бол оо? Уугуул омгууд, Европын колончлол, дарангуйлал, эрх чөлөөний хөдөлгөөн, цус асгаруулсан иргэний дайн. Тэр бүх зовлон гуниг, аз жаргалын давалгааг өөртөөө шингээждээ, энэ далай. Давалгааг нь чагнаад суухад өдөржин буцалсан стресс сэв, санамжгүйгээр уугаагдан арилах шиг сэтгэл уужраад сайхан болно. Ингэж болдоо хальснаар барахгүй шумбаж үзмээр санагдаад нэг орой сэлээд авсан, харин удалгүй шүгэл тас дугараад буутай эргүүл уснаас гар үгүй бол толгойгүй гэхээр нь цааш сэлэлгүй гараад л ирсэн. Ямар ч байхан Энэтхэгийн далайд биеэрээ сэлээд үзсэн шүү.
Коломбын байдал тиймэрхүү. Ер нь бол Шри-Ланкыг заангүйгээр төсөөлхийн аргагүй шүү дээ. Заан дүрсээ бурханчлан үлдээж, хөрөг нь хэвлэл, ханын самбар болгон дээр зайлшгүй байраа олжээ. Гэхдээ хотын гудамжаар амьд заан огт харагдахгүй, заан гишгэх газаргүй л дээ. Хийд болон үзвэрийн газруудаар цөөн тооны заан жуулчид, сонирхогчдийн нүдийг хужирлан зогсдог. Зааныг үзүүлэх нь такси, хөтөчдийн гол бизнес төдийгүй түүний нэрээр хууран мэхэлж хүмүүсээс мөнгө салгах нь элбэг үзэгдэл гэнэ.
Улсдаа ирсэн зочиддоо манай Шри-Ланка танилууд жинхэнэ зааны хотхон үзүүлсэн. Замын түгжрэлд боогдоод хоцорч очсон болохоор голын усанд ундаасах зааны сүргийг харамсалтайгаар үзэж амжаагүй. Хустай нуруунд тахь харах гэж очдог шиг л юм болсон. Гэхдээ хотхон болохоор бангын заан тэнд бий. Хэдэн тугалыг хамтад нь тусгайлан асардаг юм байна. Жижигхэн хошуу нь цорвойгоод, дэлбэгэр чих нь дэлдэгнээд хөөрхөн Бэмби нар. Тосгон, тариан талбай сүйтгэсэн эсвэл үнэт соёг нь зарах үүднээс завчих хэргээр эцэг эхийг нь эмэгнэлтэйгээр хөнөөжээ. Өнчирсөн тугалуудыг амьтан хамгаалагч нар асардаг юм байна. Энэ хүчтэй амтныг тогтоох ганц арга нь хойд хөлөөр нь гинжлэх бөгөөд бүх заан, тугалууд хойд хөлнөөсөө гягнагджээ. Хариулагчдын хэлснээр заан нь хамгийн ухаантай амьтан гэддэг.
Үүний хажуугаар хөгжилтэй юм их болсоон. Нэрээр минь тосож авсан буудлын жолооч замдаа шууд кофе уухаар зогсочихож байгаа юм, буудалдаа очоо ч үгүй байтал хотоор явж үзэх үү гэдэг гэнэ. Эндээ гайгүй нэртэй буудалд нь буусан даруйд нэр буруу бүртгээд баахан будилсан, намайг манай менежертэй холиод Эрдэнэ Юкихиро гэдэг нэртэй болж үзэв. Анхнаасаа захиалсан хурлын өрөө нь завгүй болж хувирав, болно гэсэн принтерүүд нь гацаад хурлын материалаа хэвлэж чадахгүй баахан юм болсон. Менежер нь “болно”, “болох гэж байна”, “яг болох гэж байсан юм” гэх мэтээр аргалчих гээд байгаа юм. Буудлынхан байг гэхэд, тэр яамны хүмүүс нь бөөн будлайн, цагаас хоцролт гээд асуудалгүй нэг ч өдөр байгаагүй. Хариуцлага, ажил хэрэгч албаны ёс зүй гэж энд байна уу? Албаныхан ийм байхад гудамжны хууран мэхлэлт ердийн үзэгдэл. Би бас их гэнэн юм байна гэдгээ мэдэрсэн. Өдрийн хоол буудлаас өөр “нутгийн” газар идэж үзнэ гээд ганцаараа баатарлагаар явсан чинь, нэг гарт хуурагдаад түрийвчээ сэгсэрүүлээд таарсан, аз болоход нээх мөнгөгүй 50 доллараа бэлэглэчихсэн дээ. Иймэрхүү асуудлууд даамжраад төрийн хэмжээийн хууралтууд болж байгаа юм. Бидний байрласан буудалд нэг олон улсын шүүх хурал явагдаж байсан. Шри-Ланкын дэд бүтцийн яам нь Дэлхийн Банк, Японы компаньтай төслийн гэрээний зөрчлөөр шүүхдэж байгаа нь тэр. “Хээл хахууль” гэдэг тэнд төр, түүний албадын үндсэн пайз болжээ. Гэхдээ энэ болгонд ажиллаад ашиг олоод болоод байгаа хүмүүс байна. Тэдний томоохон төлөөлөгчид Энэтхэг, Хятад, Солонгос компаниуд. Ойрхон орших хөрш гэдгээрээ Энэтхэг улс нэг том ахын хэртэй байдаг юм уу даа, Шри Ланкад бол. Энэтхэгүүд энд том том чайн буудлууд, худалдаа үйлчилгээний төвүүд гээд олон бизнес эзэмшдэг юм байна. Харин эрчимтэйгээр өргөжин тэлж эрчээ авч байгаа хөрөнгө оруулагчид бол Солонгос, Хятадууд. Бэлэн мөнгөөр нь бизнес явуулдаг Хятадын бизнесмэнүүд олон улсын байгууллага бусад гадны хөрөнгө оруулагчид шиг олон зүйл ярихгүй, мөнгө л санал болгоно бэлнээр нь – мэдээж төсөл тэднийх. Бидний очсон Сингапур Айрланс онгоцны дийлэнх зорчигчид Хятад ажилчид байсан, тэд бол өргөжин тэлж буй тэдгээр Хятад компаниудын ажиллах хүч. Ингэж бас бодлоо, “яагаад тэр далай эргээр зугаалах олон мянган Шри-Ланка залуучуудыг тэдгээр дэд бүтцийн төслүүдэд ажиллуулж болохгүй байгаа юм бол” гэж. Жаахан хадуурчихлаа, уучлаарай, Ингээд дуусгая даа.
Товчхондоо ийм л аялал болсон.

No comments: