Wednesday, November 23

Окинава

Окинава гэж их адлартай газар бий. Каратэгийн өлгий нутаг, шандас хөгжим, далай эрэг, үзэсгэлэнт байгаль гээд л, америкийн Хавайн аралтай зүйрлэн ярих нь ч олонтоо. Халуун дулаан трофикийн уур амьсгалтай Окинава бол Японы хамгийн өмнөд муж. Японы үндсэн арлаас Тайван хүртэлх хэдэн зуун жижиг арлууд тус мужид хамаарагддаг. Окинавагын гол том арлынх нь Наха хотод Америкийн цэргийн анги байрладаг төдийгүй түүхийн туршид олон оронтой харилцаж ирсэн болохоор орон орны соёл шингээсэн өвөрмөц газар. Тайланд, Тайвань, төдийгүй Өмнөд-Америкын орхнуудтай эрт дээрээс харилцаатй байжээ. Харин өнгөрсөн зуунд Америкийн захиргаанд 27 жил байсан, одоо цэргийнх нь нэг том бааз болохоор Америк соёл нэвтэрсэн газар. Бусад Японы мужуудаасаа илүү нээлттэйд тооцогддог байна.

Тэдгээрээс Тайвань улстай ойролцоо байрлах Ишигаки гээд томхон арал хотод найзуудын хамтаар би очсон бөгөөд тэндээс хэдхэн минут байрлах Ириомоте болон Хатома арлуудаар ороод ирлээ.

Осакагаас нисээд Наха хотод онгоц сэлгэж таарсан. Наха бол Окинавагын төв хот бөгөөд энд Америкийн цэргийн бааз байрладаг. Америк өнгө аястай Хавай стилийн томоохон хот харагдсан. Нахагаасаа цааш Ириомото гээд арал хотруу үргэлжлүүлэн цааш нисэв. Ириомоте бол бусад жижиг арлуудтай холбогдох гол цэг боомт, агаарын онгоц хүрэх хамгийн өмнөд арал нь ажээ. Онгоцны буудал нь Мөрөнгийн онгоцны буудал шиг жижиг, нэг гарцтай юм байна.

Ишигаки гэдэг нь үгчилбэл “чулуун хана” гэсэн үг. Далайн шуурга, хүчтэй давалгаа зэрэгт бат зогсох байшин, тэдгээрийн хана, дээврийг чулуугаар хийдэг байсан заншилтай юм байна. Одоо ч гэсэн тэдгээр байгалийн нөлөөнд өртөгдөж байдаг газар болох нь байшин, барилгаас нь харагдана. Өргөн бат чулуун ханууд. Чихрийн өвс тариалаад бор сахар гаргаж авахын зэрэгцээ аялал жуулчлалаар голлох бизнэсээ хийдэг газар байна. Дулаан уур амьсгал, далай сэвэлзэх салхи гээд гудамжаар алхаад баймаар сайхан байгалтай хийгээд хүмүүс нь цаанаа нэг тайван, удаавтар, найрсаг зантай хүмүүс байх юм. Гудамжинд зам хөндлөн гарч байтал түмэн олон далайн хавчуудыг хараад гайхаж зогсхийтэл, нутгийн эгч охины гүйж ирээд л хавчны тухай тайлбарлаад өгч байна, удалгүй тэр 2 Япондоо алдартай дуучин бүсгүй Рими Нацугавагын (дууг энд дар) ээж, дүү хоёр болж таарсан. Монгол хүн явж байна гэхээр “манай охин Хакухотой найзууд, хурим дээр нь очиж дуулж байсан” гээд л хуучлаж байна лээ. Нутгийн хүмүүс гэлтгүй цайны газар, гудамжинд таарсан Токио, Осакагын бусад хүмүүс хүртэл яриа хөөрөө нь эелдэг харьцаатай болж байгаа нь уур амьсгал, орчны нөлөөтэй холбоотой болов уу.

Эндэхийн хоол илүү амттай санагдсан. Шөл нь мэдрэгдэхүйц амттай, сэтгэл дагаад ч тэр үү загас, шарсан мах, чанасан ногоо гээд л бүгд амттай санагдсан. Чанга амттай “Авамори” гэж Окинава арлын шимийн юм байна. Блүү сийлс гээд зармагны брэнд хийгээд нутгийн өөвөрмөц онцлогоо шинээж арлынхаа давсаар амталсан цэвхэр желлатин – зайрмаг сонин амттай байлаа. Окинава арлын бэлэгдэл болсон “Шамисен” эсвэл “Санген” гэж нэрлэгддэг гурван утастай шандас хөгжим нь хаа сайгүй эгшиглэх бөгөөд нутгийн уугуул хүмүүс хаа дайралдсан газар бахархалтайгаар хөглөн сууж харагдах юм. Үүний зэрэгцээ удаан хэмнэлт Рэггэе урсгалын барууд зохилж харагдсан. Ишигаки арлаар үдэшээр жаал алхлаа, хүн амьтан бужигнахгүй (бусад том хотууд шиг биш) тайван сэлүү, далайн сэрүү татсан энгийн хот байсан.

Завь, усан онгоцоор аялаад очих зайнд олон жижиг арлууд Ишигаки арлын ойролцоо байрладаг юм байна. Тэдгээр нь өвөрмөц байгаль, тунгалаг ус, өнгө өнгийн загас амьтдаараа алдартай.

Ириомоте арал

Ишигаки арлаас 45 минут завиар давхихад Ириомоте арал дээр очиж байна. Одод хэлбэртэй элс бүхий далайн эрэг, снорклин (нүдний шилтэй, амьсгалах гуурс-сноркл зүүгээд далайн амьдрал хараад сэлэхийг ингэж нэрлэдэг) хийж өнгийн загас хөөн өдрөө эхэлсэн. Зэрлэг гахайн хотхон, усны үхэр шараар зугаалах, өндрийн хүрхрээ зэрэг зүйлс машинаар очиж үзэхээр төлөвлөсөн байсан боловч олон аялагчтай өдөр таарч хөлсний машин олдсонгүй. Үүний оронд унадаг дугуй хөлслөж дөрөө хүрэх газар зугааллаа. Жунгла шугуйн навчит ургамлууд ургадаг болоод ч тэр үү замын дагуу модод, мангоров зэрэг ургамлууд халиурна. Ногоон дундаар давхина, уул, ус, ургамал хараад хурдална гэдэг үнэхээр сайхан. Толийтол зассан зам нь дугуйгаар уул өгсөж уруудахад нэмэртэй байсан. Мод бүхий тосгоноор давхиж яваад гэнэт нүд баясган гарч ирэх далай эрэгтэй таарах нь даваа давах бүрийд үзэгдэх Хөвсгөл нуурны минь эргийнх нь бараа шиг сэтгэл сэргээгээд сайхан санагдсан. Нар жаргах бүрийд гэрэлт цох, модны багваахай, яс мэлхий, зэрлэг муур нартай зэлүүлчлэн уулзаж гэрэлт цэцгийн үзэсгэлэнг гайхан ширтэх нь яг Аватар кинон дээр гардаг шиг санагдсан. Энэ арал дээр ананас нэртэй хостелд байрлаад ананс ханатлаа идэж, ананасны жүүс ууж нэг өдөр амарсан да.

Хатома

Ириомоте арлаас 10 мин завиар явах зайнд Хатома арал орших ажээ. Цайран шаргалтах элсээр эмжээстэй гүн ногоон моддоор хучмал алгын чинээ мэд харагдах энэ арлыг тод цэнхэр өнгийн далайд болгоомжтой байруулсан мэт үзэсгэлэнтэй ажээ. Алсыг харагч гэрэлт байшингаас нь арлын эргэн тойрныг бүхнийг харж болно. Цэнхэртэн цэлийх далай нь тунгалаг устай, хөх, ягаан, шар гээд далайн рийф хад нь амьдаараа, бусад амьтад, ургамалдаа гэр нь болно. Түүнийг хүрээлээд солонгын олон өнгийн элвэд загвараар чимсэн тийм тансаг цогцлоон бүхий төрөл төрлийн загас эргэлдэн наадна. Нар гийж усны гүнийг гэрэлтүүлэн, хүйтнийг бүлээсгээд, сэвэлзэх салхи нь агаарт үлээнэ. Энэ бүхэнд умбан бясч өглөөнөөс үд өнгөртөл шумбан сэлж, загас ургамлын үзэсгэлэнг усан дотроос шимтэн ширтэв. Далайн уснаас гармааргүй, Хатома арлаас салмааргүй байсан шүү. Өдрийн ихэнхээ энд өнгөрөөгөөд буцаад Ишигаки аралдаа ирсэн.

Хоспиталити

Эдгээр арлуудад 3 хоног, 4 өдрийг зарцуулсан. Бачуухан төсөвтэй явсан хийгээд ер нь Японы хямд буудлуудаар буугаад үйлчилгээ хэр байдгыг бас давхар хараад авлаа. Ишигаки аралд хоёр, Ириомото аралд нэг хонохдоо хостел, бага оврын буудлуудаар хоноглосон болно.

Очсон өдрөө Ишигаки арлын далайн порт, төв гудамжтай ойрхон 20 доллар орчмын үнэтэй хостельд хоноглосон юм. Хэдэн модон ор нэгэтгээд нимгэн хана, хөшгөөр тусгаарлажээ. Нэг хэсэгт нь найман хүн 2 давхарласан орон дээр унтаж болохоор зохицуулсан байна. Олуулаа байрлах учраас дуу чимээ гарах нь ойлгомжтой бөгөөд ТВ, радиогоо яг 10 гээд зогсоогоод авсан. Харин шумуул шөнөжин дайраад улаан алаг хүн өглөө боссон до. Унтах орноос бусад үйлчилгээ үнэнд нь шингээгүй бөгөөд алчуур, саван шампунь, өглөөний цай унд тэр бүхнийг худалдан авах хэрэгтэй болсон.

Буцаж нисэхийн өмнө орой мөн Ишигаки аралдаа буцаж ирсэн бөгөөд 30 долларын үнэтэй өөр хостэльд хоносон. Дугуй үнэгүй хөлслөн унав, хөргөгч халаагч байсан учир дэлгүүрээс юм худалдаж аваад өглөөний цайгааа тэндээ уусан. Бас алчуур, угаалгын хэрэгсэл үнэндээ багтжээ.

Ириомоте аралд байрлахдаа гэр бүлээрээ ажлуулдаг хостельд байрласан. Ананас тариалахын зэрэгцээ жижиг буудалдаа жуулчид байрлуулж машин, мотоцикл, дугуй түрээслүүлэн орлог олдог гэр бүл байна. Ээж, эгч, бага дүү нь ресторан, орой нь бараа ажлуулах бөгөөд аав, эмээ, дүү залуус нь анансаа хурааж хэрчин савлах ажилаа хийж харагдана. Ирсэн жуулчдаа портоос машинаар тосож аваад, оройн хоолны дараа шөнийн амьтад үзэх адал явдал зохиодог юм байна, эдгээр нь үнэгүй. Оройн хоол, өглөөний цай оруулаад хонгийн 50 доллар нэг хүнээс авч байсан. Япончууд төдийгүй Тайван, Хятад, Тайланд жуулчид бидэнтэй зэрэгцээ өдрүүдэд буудалласан харагдсан. Шууд талбайгаас хураасан ананс их амттай, дотроо бас пийч, хавайн, окинава арлын ууган сорт гээд амт ялгагдаж байгаа юм. Анансаар нэрмэл хийдэг юм байна, чихэрлэгдүү дарс болдог юм байна лээ.

Ер нь бол Осака, Токио гээд том хотуудыг бодвол арай удаавтар бас арлынхаа нөхцөл байдалд тохирсон үйлчилгээний хойрго гэмээр зүйлс ажиглагдсан. Хогийн сав олдоно гэж үгүй, хог тарьсан бол хийх тавих газар олдохгүй боловч хүн хүрэхийн аргагүй сайхан ургамал эсвэл тэр засмал дээр хаялтай нь биш. Тэгээд хог тарихгүйгээр л явахыг хичээж, мөн хогоо өөртөө, цүнхэндээ хадгалах болж таарч байгаа юм. Жижиг арал болохоор Хатома аралд цөөн хэдэн гуанз байрлах бөгөөд тодорхой хязгаарлагдмал цагаар үйлчилдэг юм байна. Өдрийн 2 цагаас хойш хоол хийдэггүй, бид хэд далай эргээс 3 цаг гэж ирээд юм идчихээр гуанз олддоггүй, бүгд халтын цаг болсон. Тэгээд нэг эмээг гуйж, гуйж хурдан цөл хийлгэж идсэн. Сүүлийн порход 4 цагаас болохоор түүнээс өмнө үйлчилгээгээ тэгэж хэрэг болдог юм байна.

Нүд баягаж, сэтгэл сэргээсэн далай ээжийн олон үзэмжээр дүүрэн дурсамжууд ингэж Окинавад гялалзаад өнгөрлөө.

No comments: